Хөгжлийн банкны үйл ажиллагаанд тавих хяналтыг боловсронгуй болгоно

access_time 2018-02-08 13:22

Жэфф Готтлийбээр ахлуулсан Олон Улсын Валютын сангийн ажлын хэсэг Улаанбаатар хотод ажиллаж,
2017 оны 5-р сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь үнэлгээний яриа хэлэлцээг хийсэн. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 314.5054 сая ЗТЭ буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл олгогдох юм. Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж, Готтлийб “Түүхий эдийн экспорт, дотоодын эрэлт нэмэгдсэний үр дүнд эдийн засаг төсөөлж байснаас өндөр гүйцэтгэлтэй гарч байна. Эдийн засгийн өсөлт 2018 онд 5.0 хувь, 2019 онд 6.3 хувьд тус тус хүрэх тооцоо гарч байна. Засгийн газрын бодлогын тохиргооны хөтөлбөрийг ОУВС тэргүүтэй хандивлагчид 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтээр дэмжиж байгаа бөгөөд 2017, 2018 онуудад эргэн төлөгдөх хугацаатай байсан гадаад бондуудыг амжилттай дахин санхүүжүүлсэн, гадаад валютын нөөцийг 1.8 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн, засгийн газрын өр огцом багассан зэрэг нааштай үр дүнд хүрээд байна. Эдгээр өөрчлөлтүүдийн үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нэлээд тогтворжиж, хүүгийн түвшин бууран засгийн газрын өрийн үйлчилгээний хуваарийг эрс сайжрууллаа. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлтөд хэд хэдэн эрсдэл байсаар байна. Тухайлбал, түүхий эдийн гадаад эрэлт буурах, газрын тосны үнэ
нэмэгдэх зэрэг болно. Эдгээр эрсдэлүүд болон эрсдэлээс хамгаалах хөрөнгө нөөц хангалттай бүрдээгүйг харгалзан үзвэл төсөв, мөнгөний бодлогууд зохистой хэвээр байх шаардлагатай.

“Хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засгийн гүйцэтгэл эерэг байж, бүх үзүүлэлтүүд зорилтот түвшингээс хол давж биелсэн. Төсвийн үр дүнгийн гүйцэтгэл төсөөлж байснаас хамаагүй сайн гарсан нь орлогын төлөвлөгөө даван биелж, зарлага санхүүжилтийг хатуу хяналттай гаргасантай шууд холбоотой юм. 2017 оны  гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий 1.9 хувьтай тэнцсэн бөгөөд зорилтот түвшин 10.6 хувь, 2016 оны түвшин 17 хувь тус тус байсан билээ. Эрх баригчдын 2018 оны бодлогын хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг үргэлжлүүлэн зохистой хэмжээнд барихын зэрэгцээ татварын шинэ хуулиудыг батлан хэрэгжүүлэх замаар татварын удирдлагыг бэхжүүлэн концесс, төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, Монгол Улсын Хөгжлийн Банкны үйл ажиллагаанд тавих төсвийн хяналтыг боловсронгуй болгоно. Төсвийн гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давсан үр дүнтэй байгаа учраас Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тохирсон зарим бодлогыг нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөх
боломж бүрдэж байна. Тухайлбал, төрийн албан хаагчдын цалин хөлсийг сүүлийн хэдэн жил нэмээгүй байсныг эргэн харж, 2019 оноос нэмэхээр тусгалаа. “Эрх баригчид банкны системийг бэхжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлуудаа үргэлжүүлж байгаа бөгөөд гол арга хэмжээнүүдийг төлөвлөгөө ёсоор авч хэрэгжүүлэх
нь шийдвэрлэх үүрэгтэй юм. Хууль эрхзүйн чухал шинэчлэлүүд болох Банкны тухай болон Төв банк (Монголбанк)-ны тухай хуулиуд батлагдлаа. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ хэлэлцэж, удахгүй батлана. Үүнтэй зэрэгцээд банкны зохицуулалт, хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох ажлууд хийгдэж байна. Активын чанарын цогц үнэлгээний үр
дүнг банк тус бүрт танилцуулсан байгаа бөгөөд банкууд өөрийн хөрөнгийн хүрэлцээгээ шаардлагатай тохиолдолд нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулах ажил ид явагдаж байна. Олон улсын шилдэг туршлагын дагуу төсвийн хөрөнгийг ямар  3 тохиолдолд банкийг дахин хөрөнгөжүүлэхэд ашиглаж болох, ашиглах шаардлагатай вэ гэсэн асуудлыг тодорхой зохицуулах Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн
төслийг ойрын саруудад өргөн барьж батлах болно. Мөн түүнчлэн, эрх баригчид чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх тогтолцоог бий болгохоор ажиллаж байна. Ингэснээр банкуудын тайлан тэнцэл илүү хурдан сайжрах нөхцөл бололцоо бүрдэх юм. “ОУВС-гийн ажлын хэсэг эрх баригчидтай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь үнэлгээг дүгнэж, ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрлээ. Энэхүү тохиролцоог ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хэлэлцэж баталгаажуулна” хэмээн мэдэгдсэн.

Шинэ мэдээ