Наадмын худалдаа үйлчилгээнд 400 байцаагч хяналт тавина

access_time 2019-07-04 08:14

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 нийт 610 зөвшөөрөгдсөн цэг байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын 400 албан хаагч, явуулын хоёр лабораторитойгоор Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн таван газарт 7 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйд байнгын хяналт тавина.
Тус байгууллагаас мөн дараах зөвлөмжийг өгч байна:
Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ үзүүлэхэд хориглох зүйлс:
Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх;
Согтууруулах ундаа, тамхи худалдах;
Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах;
Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;
Шорлог, хуушуур, хорхог зэрэг халуун боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;
Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;
Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;
Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэх;
“0,035мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон” уут хэрэглэх
Аюулгүй байдлын шаардлага хангаагүй газын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглоно.

Шинэ мэдээ